Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь
Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки багшийн "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулснаа өнөөдрийн бичлэгт орууллаа.
  Коидэ багш номыг нь монгол хэлнээ орчуулахыг дуртайя зөвшөөрсөнд талархал илэрхийлж монгол түмэн цөмийн хаягдлын тухай үнэн зөв, өргөн хэмжээнийг мэдлэг, мэдээлэлтэй болохыг хүссэнийг энд уламжилъя.
  Коидэ багш ахлах ангиа төгсөхдөө цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад хувь нэмрээ оруулахыг хүсч 1968 онд Тохокүгийн их сургуулийн цөмийн инженерийн ангид элсэн сурсан боловч цөмийн энергийг судлах тусам ач тус биш аюул хор нь илүү болохыг яс махандаа шингэтэл ойлгож мэдсэн гэж бичсэн байна. Улмаар Иката Атомын цахилгаан станцын (АЦС) шүүх хурал, Нингёо Тоогэгийн ураны үлдэгдэлийн асуудал, JCO-гийн осол зэрэг АЦС болон цөмийн энергитэй холбоотой олон хэрэг гарахад Коидэ багш үргэлж эрүүл мэнд, амь насаа алдах энгийн иргэдийн талд байжээ. Цөмийн энергийн мэргэжилтний хувьд олон жилийн турш атомын цахилгаан станцын аюулыг олон нийтэд сурталчилсаар ирсэн хүн юм.
 
  Ном нь маш энгийн хэллэгээр бичигдсэн тул япон хэлтэй хүмүүст уншихыг санал болгоё. Уншаад монголд АЦС хэрэгтэй эсэхийг бодно биз дээ.

  Коидэ Хироаки 小出裕章
  "Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь" 「原発のウソ」

  ... АЦС ажиллуулахад их хэмжээний цацраг идэвхит хаягдал гарах ба тэр хаягдлын асуудлыг орчин үеийн шинжлэх ухаанд шийдэх ямар ч арга байхгүй. Гэхдээ хорт хаягдал зөвхөн атомын цахилгаан станцаас гарна гэж ойлгож хэрхэвч болохгүй. Уран олборлох шатнаас л их хэмжээний хаягдал хог гарах тул цацраг идэвхит бодисын хордолт ураны уурхайгаас эхлэнэ. Уурхайн дараа ураныг боловсруулж баяжуулах үйлдвэр ч мөн адил их хэмжээний хаягдал гаргана. Сүүлийн шат буюу АЦС-ын реактор ажиллуулахад хортой хаягдал түлш их хэмжээгээр хуримтлагдана.
  Өнөө үед цацраг идэвхит хог хаа сайгүй хаягдаж байна: уран олборлох уурхайд, уран байжуулж боловсруулах үйлдвэрт, АЦС болон ураны хаягдал түлшийг дахин боловсруулах үйлдвэр зэрэгт.
  Байгаль дэлхийгээ хордуулан хаяж буй энэ “цөмийн хогийн” асуудлыг нэг тийш шийдье гэвэл ямар ажиллагаа шаардлагатай вэ?

  Хамгийн том асуудал нь АЦС-ын хуучирсан реактор юм. АЦС нь бурхан биш хүний л хийсэн “машин төхөөрөмж” тул хэдэн арван жил ажилласны дараа хуучирч элэгдэн ажиллагаагүй болох нь мэдээж. Тэр үед АЦС нь өөрөө хамгийн том “аюултай хог” болон хувирах ба түүнийг ирээдүйд олон жилийн турш яаж хянаж зохицуулах вэ, яваандаа ямар асуудал гарах вэ гэдгийг үнэн хэрэгтээ хэн ч хариулж мэдэхгүй юм. Гэхдээ АЦС-ын хувьд “мэдэхгүй - мянган үгийн таглаа" гээд орхичихож болохгүй. Яахаа мэдэхгүй ч гэлээ Фүкүшимагийн 1-р АЦС-ыг зогсооход хэд хэдэн хаягдал реактор гарч таарна. Бүх дэлхийн туршлага, мэдлэг ухааныг нэгтгэн байж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй ч яг яах вэ гэдэг тухай тодорхой хариулт одоо болтол олдоогүй байна.

  Юуны түрүүнд ойлгоход арай хялбар асуудлыг авч үзье. Тэр нь АЦС-аас өдөр бүр маш их хэмжээгээр гарч буй “бага төвшний цацраг идэвхит хаягдлын” асуудал юм. Энэ нь цацрагийн хордолт харьцангуй багатай хаягдал бөгөөд цацраг идэвхит элемент болон бодис наалдсан алчуур, ажилтны хувцас зэргээс бүрдэнэ. Одоо японд 1 жил АЦС ажиллуулахад 1000 төмөр торх “бага төвшний цацраг идэвхит хаягдал” гарч байна. 1963 онд анхны АЦС ашиглалтанд орсноос хойш хорь хүрэхгүй жилийн хугацаанд буюу 1980 оны байдлаар япон дахь ийм төмөр торхны тоо 250.000 хүрсэн байв. АЦС бүр доороо ийм хаягдал хадгалах агуулахтай бөгөөд “бага төвшний цацраг идэвхит хаягдлыг” тэнд хадгалдаг. АЦС-ын доорх энэ агуулахууд хэдий хэмжээний хаягдал багтаах вэ гэвэл, 1980 оны байдлаар нийт багтаамж нь 300.000 торх орчим байв.
  Хаягдалтай торхнууд өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдэх тул эрчим хүчний компаниуд нэмэгдэхийн хэрээр хаягдал хадгалах агуулах барьсаар ирсэн. Гэвч хичнээн олныг барьлаа ч АЦС-ыг зогсоохоос нааш ийм хаягдал гарсаар байх тул эрчим хүчний компаниуд ацан шалаанд орсон юм. Тиймээс хэмжээг нь багасгахын тулд хаягдлыг шатаахаар шийдсэн болно. Өөрөөр хэлбэл төмөр торход лацдаж хийсэн цацраг идэвхит хаягдлаа тагийг нь онгойлгож гаргаад үнс болгон шатаагаад хэмжээг нь багасгасан юм.
  Ингэж шатааснаар хуримтлагдаад байсан хэдэн зуун мянган төмөр торхны тоог багасгаж чадсан хэдий ч жилээс жилд торхны тоо нэмэгдсээр 2005 оны гэхэд 700.000 хүрсэн байв. Тиймээс “хүчрэхгүй нь” гээд тэр их хаягдлаа эрчим хүчний компаниуд Аомори мужийн Роккашо тосгонд хүлээн авахыг тулгасан болно. Одоогийн байдлаар 200.000 хаягдалтай төмөр торхыг Роккашо тосгон уруу шилжүүлээд байгаа.

  Роккашё тосгонд тэр их хаягдлыг газарт булахдаа нүх ухаад бетон цементэн агууламж барьсан. Агууламжинд төмөр торхыг өрөөд дүүрэхээр нь дээрээс нь бетоноор таглаж эргэн тойрныг нь бетон шавраар чигжээд сүүлд нь шороогоор булсан. Ийм маягаар бетон агууламжийн тоог олшруулсаар ирсэн билээ.
  Гэвч хаягдал хийсэн торх нь төмрөөр хийгдсэн тул нэг юмуу хоёр жил болоход зэвэрч муудна. Хаягдлын агууламж газар доор, ихээхэн чийгтэй орчинд баригдсан тул төмөр торх зэвэрч муудаж нүх гарах нь хялбар. Тэр чигээр нь орхивол цацраг идэвхит бодис гадагшлах аюултай учраас агууламжийн хажуу талд “шалгах хоолой” хийж байнга шалгаж байдаг юм. Хэдэн жил тэр хоолойг шалгаж хянах вэ гэсэн асуултын хариулт бол: “300 жил”. 300 жилийн турш байнга шалгаж цацраг идэвхит бодис ил гарсан тохиолдолд арга хэмжээ авах ба яваандаа цацрагийн хэмжээ багасч “учир нь нэг олдоно байлгүй” гэдэг бол өнөөгийн японы Засгийн газрын тайлбар юм.

--------------------------------------------------

  * 1 сая жил хадгалж хянах ёстой "өндөр төвшний цацраг идэвхит хаягдлын" тухай дараагийн бичлэгт


Мэдээллийн эх сурвалж: http://surensuren.blogspot.com/2011/08/blog-post.html

Нийтлэгдсэн: 2011-08-25 - 22:57
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 10:06, 2011-12-02 | Холбоос | |
Ийгл твгээр гарсан хэлэлцүүлэгт БНН-ын дарга, мөн МУ-ын цөмийн юуны ч гэнэ үү дарга гээд дамдинсүрэн гэх нөхөд тархи угаалт хийж байна лээ. Ураныг энх тайвны зорилгоор ашиглана, 10 жилийн дараа манай нүүрс дуусна өөр гарц байхгүй энэ л хөгжил гэж ойлгуулахаар яриад байсан. АЦ станц барих зорилгоор хуулийн заалтанд бузар хуруугаа эрх баригчид дүрээд эхэлсэнийг тэд гэрчилсэн.
Цагаан хараацай хэзээ бичсэн: 12:35, 2011-08-26 | Холбоос | |
Ногоонтон
Коидэ багш нь бидний байр суурийг улам баталгаажуулан бидний эгнээнд даян дэлхийн иргэдийг уриалан дуудахад дэмжлэг үзүүлэн эх дэлхийгээ энэхүү аюулаас аврахад туслах болно.
Зочин хэзээ бичсэн: 11:05, 2011-08-26 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 12-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax