Энэ нийтлэлийг оруулахгүй байхын аргагүй байлаа. Үнэхээр сонирхолтой. та бүхэн нэг уншаад үзээрэй.
Монгол Улсын тусгаар тогтнолын тэгш нэгэн зууны их ойн жил айсуй. “Ой” хэмээгч монгол үгийн салаа утга нь нэг талаас хөвч их мод, нөгөө талаас ой ухаан, тогтоолт санамж гэсэн санааг илэрхийлэх тухайд хэдэн жилийн өмнө Я.Долгоржав багш (өдгөө Монгол Улсаас БН Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд) нэн сонирхолтой байдлаар, басхүү ихийг бодоход өдөөн дуудаж бичсэн билээ. Түүхт ой хэмээгч нь үндэстний ой санамжийн илэрхийлэл болох тул ач холбогдол нь үүнд оршин буй гэсэн сайхь эрдэмтний санаанд тулгуурлан Монгол Улсын хамгийн чухал тэмдэглэлт ой - тусгаар тогтнолын 100 жилийн ойг угтуулан, 99 дэх жилийн босгон дээр бидний хамтын ой санамжин дахь зарим ташаарлыг хөндөхийг зорилоо.
Өдгөөгөөс 99 жилийн тэртээ, билгийн тооллын цагаагчин гахай жилийн өвөл, аргын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монголын шарын шашны тэргүүн, Өндөр гэгээний наймдахь дүрийн Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн, шашин, төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хаанаар өргөмжлөн Засгийн газрын таван яамыг байгуулан тэргүүн сайд тус бүрийг томилон, тусгаар улсыг сэргээн байгуулах их ёслолыг Богдын хүрээнээ (мөн үеэс улсын тусгаар байдлаа бэлгэдэн Нийслэл хүрээ хэмээн нэрийдсэн) үйлджээ. Энэхүү үйл явдал нь дэлхий дахин, бүс нутгийн тавцанд ХХ зууны эхэн үед тохиосон өрнөлтүүдээр нөхцөлдөж, тэдгээрээр үүсэн бүрэлдсэн гадаад орчны таатай хувиралтыг ухаалаг, овжин ашигласан Монголын алтан ургийн ноёд, шашны дээдэс, бичгийн мэргэдийн улс төрийн уран тоглолтын биелсэн үр дүн байв. Тэртээ XVII зуунд Монголын улс төрийн ёс төдий төв байсан Өмнөд Монгол Манжийн эрхшээлд орсон цагаас тоолбол 275 жил, одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэрийн гол цөм Халх Монгол Манжид дагаар орсноос эхлэн тоолбол 220 жил, монголчуудын тусгаар төр улсын сүүлчийн гал голомт Ойрад Монголын Зүүнгарын хаант улс Чин улсад эзлэгдсэнээс тооцвол 155 жил улирсны эцэст Монгол Улс дэлхийн газрын зураг дээр дахин үзэгдсэн нь тэр байв. Зөвхөн энэ баримт л 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн ач холбогдлыг ХХ зуунд Монголын түүхэнд тохиосон бусад бүх үйл явдлаас хувь илүү өргөж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байхыг аргагүй. Улмаар шинэ тулгар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл боловсролын салбарт олсон ололт хийгээд олон их үйл хэргийн бахдам гараануудыг дурдваас нэгэн ярианы багтаамжид ахдах, тус бүртээ судалгааны томоохон сэдэв болно.
Чингэж Монгол Улс тусгаар тогтносон өдөр харин саяхныг болтол нийтээр ёслон тэмдэглэх нь бүү хэл түүх бичлэгээс арчигдах шахам байдалд орхиж, үндэсний ой санамжаас арилтал нь мартагнуулсны харгай багагүйгээс ганцхан жишээ дурдъя.Дэлхийн улс түмний олонх нь бусдын эрхшээлээс салж үндэсний төр улсаа сэргээн байгуулсан өдрөө “Тусгаар тогтнолын өдөр” хэмээн хүндэтгэн нэрийдэж улсынхаа тэргүүн баярын зиндаанд өргөмжилдөг нь өнөө цагийн ёс. Түүнийгээ ч даяар түгээмэл хэрэглэгдэх болсон англи хэлээр Independence Day хэмээн буулгаж дэлхийн улс түмэнд таниулж байгаа нь басхүү АНУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэн замналын дэлхийн олон улсад тусгалаа олсон нөлөө гэж үзэж ч болох. Харин бидний хувьд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Монгол төрийн түүхэнд анхлан Бүгд найрамдах засгийн ёсыг хуульчлан тунхагласан 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг өөр хоорондоо ч “Тусгаар тогтнолын өдөр” гэх нь холгүй, гадагш бол бүр мөнөөх л Independence Day гэхээс өөрөөр илэрхийлж мэддэггүй болжээ. Ийн ташаарснаар наанадаж л улсынхаа тусгаар тогтнолыг даруй арван гурван жилээр наашлуулан тоолж, гол нь хөрш хийгээд бусад улсад ч мөн тэгж ойлгуулж байна, бид! Үндэсний бахарлаа өндөрт тээж явахыг ямагт эрмэлздэг, өөрсдийгээ чамгүй үндсэрхэг үзэлтэй гэж боддог бидний мэдэхгүйн эрээн цоохрын зовлон чухам энэ.
Тусгаар төр улсаа сэргээж, түүхэндээ анх удаа орчин цагийн танхимын зохион байгуулалттай ажилладаг байнгын Засгийн газраа байгуулсан, улмаар улсын хэргийг хэлэлцэн шийтгэх зөвлөлдөх эрх бүхий дээд, доод хурлыг өнөө цагийн парламентын хэлбэрт нэлээд ойртуулан өөрийн хөрсөнд буулгасан гээд зөвхөн засгийн тогтсон ёсын талаас харахад бүхий л талаараа улс шиг улс болж тотгосон нь илт. Улмаар дэлхийн олон улсад найрамдах, харилцан түншлэхийг эрэлхийлсэн бичгийг шийтгэн явуулж, Манж Чин Улсын дээвэр дор зэрэгцэн оршиж асан Дундад Иргэн Улс, Түвэдтэй ч тэгш эрхийн зарчим, сайн хөршийн ёсоор харилцахыг хүсэмжлэн, хоёр он улирсны эцэст 1913 онд Монгол-Түвэд хоёр улсын гэрээг байгуулсныг олон улсын бүрэн хүчин төгөлдөр зэргэмжит гэрээ мөн хэмээн эрдэмтэн мэргэд энэ онд хүлээн зөвшөөрөөд буй. Тийн атал яагаад 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсын тусгаар тогтнолын өдөр хэмээн, ерөөс аливаа юмс үзэгдлийг байгаа чанараар нь нэрийддэгийн зарчмаар шууд мөнөөр нь нэрлэчихэж болоогүй юм бол?
Түүхэн энэ үнэнийг зориудаар үгүйсгэгчид, мэдэн будилагсад, төөрөлдөн будилагсдын аль алин нь энэхүү гажуудалд өөр өөрийн гэсэн “хувь нэмэр”-ийг оруулсаар иржээ. Мэдээж ХХ зууны туршид Монголын түүх бичлэгийг тодорхойлж ирсэн үзэл сурталд 1921 оны Ардын хувьсгалаас өмнөх үед Монголын орчин үеийн төр, улсын эхлэл тавигдсан байх учиргүй байж. Энэ нь тухайн үзэл сурталд нийцүүлэн байгаль, нийгмийн бүхий л үзэгдлийг тайлбарлаж байсан онол, арга зүйн дэг сургуульд ч нийцэхгүй байж, улс төрийн ойр хэтийн зорилтуудад ч харшилж байж. Иймээс 1911-1921 оны хоорондох бүхий л үйл явдлыг зориуд огоорох хандлага Монголын түүх бичлэгт давамгайлж ирснийг өнөөгийн цагийн бид тухайн цагийн эрхээр, ноёлогч суртлын таалалд нийцүүлэн засварласан үзэл хэмээн нэг ёсондоо оюундаа “өршөөн хэлтрүүлж” болно. Харин Монголын түүх бичлэг мөнөөх үзэл суртлын хүлээснээс ангижирч, үндэсний ухамсар сэргэсэн сүүлийн 20 жилд тусгаар тогтнолынхоо түүхийг үл хэрэгссээр ирэв. Үүнийг харин улс төр, харь гүрний үзэл суртлын ноёрхол зэрэг эзэн биегүй этгээдэд тохох аргагүй. Тэгвэл Монголын нийгмийн ухамсар дахь “ардчиллын зүүний нялхсын өвчин” гэж томъёолж бараг болохуйц үзэгдэл өмнөх үеийн үзэл сурталжилтыг шууд залган авсан гэвэл хэт хатуудсан болохгүй болов уу. Монголын ХХ зууны түүхэнд тохиосон эргэлтийн шинжтэй гурван их үйл явдлыг оройлон манлайлсан, тэдгээрийн түүхэн захиалгаар үүсэн бүрэлдсэн улс төрийн хоёр ч хүчин өнөөгийн Монголын төрийн эрхийг ээлжлэхдээ ээлжлэн, хамтрахдаа хамтран барьж байна. Тэдгээрийн түүхэн гавьяаг үгүйсгэх, бүдгэрүүлэх аргагүй ч, чухам тэдгээрийн эрх сүрээр 1921, 1990 оны хувьсгалуудыг тусгаар тогтнолоо олсон 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаас ямагт дээгүүр өргөмжилж, ойг нь орон даяар нижгэр тэмдэглэсээр ирлээ. Энэ бол өөрсдийн гавьяаг мөнхөлж, дархлах гэсэн санаанаас үүдэлтэй ч, нийгмийн тогтсон таалал, инерцийн тусгал болох талаасаа басхүү содон үзэгдэл, мөнөөх ой санамжийн бүдгэрэлтэй холбож тайлбарлаж болох юм.
Тусгаар тогтнолын огноог онолын хувьд үгүйсгэгчид цөөн хэдэн үндэслэл сөхөж тавьдаг. Эдгээрийг тус бүр няцаах сөрөг үндэслэл ч хангалттай буй болохыг харин төдийлэн хэлэлцдэггүй мэт. Тухайлан, “Монгол Улсын олон улсын статус 1911 оноос баталгаажаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй” хэмээх нэлээд түгээмэл нэгэн үндэслэл бий. Үүнийг баримтлагчид бүр 1946 он хүрч байж, Дундад Иргэн Улсаар хүлээн зөвшөөрүүлж байж сая олон улсын статусаа баталгаажуулсан гэх тайлбар хэлдэг. Ийм утга санаа Монголын түүхийн талаарх зарим бүтээлд ил, далд хэлбэрээр цухалзсаар буй. Арай “зөөлөн” гэж хэлж болох нэгэн хувилбар нь 1946 онд үндэстэн-улс болж чадсан ч 1921 оноос эхлэн энэ статустайгаар бодитоор оршин ирсэн гэх үзэл бий. (Энэ нь мөнөөх “Гадаад Монголын статус-кво” хэмээн 1945 онд холбоотон гүрнүүдийн удирдагчдын зөвшилцсөн үг, үсгийг монголчлон даган давтаж буй хэрэг билээ). Санаатай гэхэд хэцүү, санамсаргүй гэхэд мөн бэрх ийм хоёр төөрөгдлийн дундуур анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засгийг тунхагласан өдөр буюу 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр “Улс тунхагласны баяр”, “Тусгаар тогтнолын баяр” хэмээх тодотголтойгоор ардын хэллэгт хэвшин оржээ. Дээрх үзэл хандлагуудаас гадна 1961 онд НҮБ-д элссэнээр, тэр бүү хэл 1990 онд ардчилсан хувьсгал ялснаар сая жинхэнэ утгаараа тусгаар тогтносон гэсэн үзэл ч мэр сэр цухалзсаар буй. Хэдий түүх бичлэгт тоймтой байр суурь эзлээгүй боловч нийгмийн тодорхой хэсгийн дунд тусгаар тогтнолынхоо талаар ийм гутранги, бусдын өмнө буулт хийсэн хандлагууд бүрэлдэж буй нь мөнөөх ой санамжийн бүдгэрэлт, үндэсний оюун санааны дархлалын хомсдол нүүрлэж байна уу гэж эмзэглэхээс аргагүйд хүргэж байна.
Тэгвэл Монгол Улсын олон улсын статусыг 1911 оноос тооцож болохыг илтгэсэн харьцуулсан жишиг, эмпирик нотолгоо цөөнгүй байдаг. Улс байгуулагдах, бүрэн эрхт улсын зэргэмж (статус) олох үйл явцыг дан ганц олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу нормативчлан авч үзэх боломжгүй. Улс байгуулагдах конститутив эрхээс гадна декларатив эрх гэж бий, үүнийг Монтевидеогийн конвенцоор ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Энгийнээр тайлбарлавал, аливаа улс тусгаар тогтнолоо анхлан зарлан тунхагласнаас хойш түүхэн үйл явдлуудын өрнөлтийн үр дүнд бүрэн эрхт улсын зэргэмжийг олж, бусдаар ямар нэгэн аргаар хүлээн зөвшөөрүүлж чадсан л бол мөнөөх анхлан тунхагласан огноогоор тусгаар тогтнолынхоо түүхийг тоолох эрхтэй болдог. Үүнд холын жишээ татаад байх шаардлагагүй ба 1776 оны долдугаар сарын 4-нд тусгаар тогтнолын тунхагаа уншиж сонсгосон Хойд Америкийн арван гурван колонийг тухайн үед нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй байсныг дурдахад хангалттай биз ээ. Иймээс Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болох түүхэн ээдрээ, нугачаатай замыг туулж, олон үйл явдлаар дамжин өгсөх гишгүүрээр дэвжин байж олон улсаа хүлээ зөвшөөрөгджээ.
Үгүйсгэлд нэмэрлэж буй бас нэгэн хүчин зүйл бол 1915 оны гурван улсын хэлэлцээр, түүний үр дүнд Монголын зэргэмжийг “автономит” хэмээн томъёолсон явдал. Энэхүү үйл явдлыг тайлбарлаж буй хоёр өнцөг байгаа ба нэг нь 1911 онд олсон тусгаар тогтнолыг зэрэг бууруулан хэрэг дээрээ цуцалсан хэрэг гэж үзэх хандлага, нөгөө нь 1915 оныг хүртэл тодорхойгүй байсан зэргэмжийг тодорхойлсон хэрэг гэж үзэх хандлага эдгээр болно. Аль алин нь 1911 онд олсон тусгаар тогтнолыг үгүйсгэх үндэслэл болдог ч аль алин нь логикийн алдаа агуулж байдаг. Нэгэнтээ олсон тусгаар улсын зэргэмжийг бууруулсан гэж үзвэл мөнөөх тунхагласан огноог хүлээн зөвшөөрөх бүрэн үндэслэлтэй нь ойлгомжтой. Харин тодорхойгүй байсан зэргэмжийг тодорхой болгосон гэж үзвэл чухам 1914-15 онд Монгол Улс юутай ч олон улсын хэлэлцээний нэгэн бие даасан оролцогч, өөрийн эрх зэргэмжийн асуудлаар ширээний ард сууж бусадтай хэлэлцэгч тал болон гарч ирсэн анхны үйл явдал байв. Үүгээрээ ХХ зуунд үндэстэн-улс болох анхны алхмаа хийсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
ХХ зуун бол үндэсний үзлийн зуун, үндэстэн улсууд үүсэн бүрэлдсэн зуун байсан. Ялангуяа ХХ зууны эхэнд тохиосон дэлхийн дайны үр дүнд хэт их гүрнүүд задран унаж, Орос, Герман, Австри-Унгар болон Османы эзэнт улсуудын буурин дээр даруй гуч гаруй үндэстэн-улс өрхөө тусгаарлаж бүрэн эрхээ зарлан тунхагласан. Эдгээрийн ихэнх нь түүхийн шалгуурыг дааж олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн болсон. Энэ явц 1914-1920 оны хооронд болж өнгөрсөн ба ХХ зууны анхны үндэстэн улсууд зүүн Европоос эхэлж үүссэн гэх үзэл дэлхийн түүх бичлэгт амь бөхтэй оршсоор буй. Панамын сувгийг ашиглах, эзэмшихэд хялбар дөт байлгах зорилгоор Колумби улсаас Панам улсыг салган тусгаарлуулсан АНУ-ын шууд оролцоог эс тооцвол ХХ зуунд өөр үндэстэн-улс анхлан үүсээгүй гэж үздэг. Тэгвэл Манж Чин Улсын буурин дээр Монгол, Хятад, Түвэд гурван улс тусгаар тогнолоо тунхаглаж, тэдгээрээс цагийн эрхшээлээр Монго, Хятад хоёр бүрэн эрхт улсын зэргэмжийг олж авснаараа ХХ зууны анхны үндэстэн улсууд хэмээн нэрлэгдэх зүй ёсны эрхтэй. Тэр тусмаа аргын тооллоор 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эзэн хаанаа ширээнд нь залснаар үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 1912 оны нэгдүгээр сарын эхээр түр ерөнхийлөгчөө сонгож бүгд найрамдах улсаа тунхагласан Дундад Иргэн Улсаас он тооллын хувьд даруй нэгэн оноор ахмад улс болчихож байгаа юм, манай Монгол!
Ийнхүү Монгол Улс ХХ зууны ууган үндэстэн-улс болоод зогсохгүй, тусгаар тогтнолын эл огноог өөрсдөө эхлээд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх, улмаар даяар олноо сурталчлан таниулах нь түүхэн танин мэдэхүйн төдийгүй өнөө цагийн улс төрийн ач холбогдлоо мөн алдаагүй байна. Монголын тусгаар тогтнолыг огноог 1911 оноос тоолсон цагт л сая Монгол Улс Хятадаас бус, чухам Манжийн төрөөс салж тусгаарласан гэсэн ойлголт бүрэн цэгцтэй болох юм. Чингэхдээ бүр Хятадаас урьтаж Манжаас тусгаарласан шүү! 1911 онд Монгол, Хятадад нэгэн зэрэг гарсан хувьсгалын үр дүнд суларч доройтсон Манжийн төр мөхсөн гэх гаргалгаа түүхэн үнэнд төдийгүй Монгол-Хятадын харилцаанд ч нийцэмжтэй тул үндсэрхэг үзэл, түүхэн гэгдэх маргаант асуудлаа даван гарч чадаагүй, улам лав хутгалдсаар байгаа Зүүн Азийн өнөөгийн улс төрийн орчин ахуйд итгэлтэй орших, дэвжихэд маань хэрэг болох буй за.
Өнөөдрийн түүхт өдрийг манай Гадаад харилцааны яам анхлан санаачилж “дипломат албаны өдөр” хэмээн нэрийдэж мэргэжлийнхээ баяр болгон тэмдэглэсээр цөөнгүй жил өнгөрчээ. Энэ нь мөнөөх үндэсний ой санамжаа сэргээхэд ихээхэн хувь нэмэр болж ирсэнд талархууштай. Анхны таван яам, тэдгээрийн залгамчир ч энэ жишгийг дагаж ирэх жил 100 жилийнхээ ойг тэмдэглэхээр зэхэж буй. Энэ ч туйлын сайн хэрэг. Гагцхүү аливаа яам, төрийн алба байгуулагдахын үндсийн үндэс бол тусгаар улс нь байгуулагдах явдал билээ. Тусгаар улс нь байхгүй бол тухайлан Гадаад яам нь гэж байх учиргүй. Ганцхан ийм энгийн логик гаргалгаа хийхэд л улсынхаа тусгаар тогтнолын албан ёсны огноог хуульчлан тогтоогоогүй байж төрийн байгууллагын насыг тоолохын учир холбогдол хэрхэн алдагдаж байгаа нь харагдаж байна. Үүнтэй холбоотой жигтэй зүйл цөөнгүй тохиолддогийн нэгэн жишээ нь манай Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний ойн гайхаш тасрам зөрүү билээ. Ирэх жил яам нь 100 нас хүрч, Зэвсэгт хүчин нь 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй. Цэрэггүй цэргийн яам арван жил оршин тогтносон байж таалахгүй биз. Ийм мэт он тооллын, нэр томъёоны гажуудлыг нийтээрээ хэлэлцэн засах нь зүйтэй гэж санагдана.
Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгч бүгд энэ түүхт өдрийг сэргээн сануулах, тэмдэглэдэг болох талаар тодорхой санаачилга гаргаж, зарлиг буулгасаар ирсэн ч нийтийн ойлголтод тусгалаа олохгүй байсаар байна. МАН-ын байгуулагдсан Эх орончдын өдөр, Ардчилан хувьсгалын ойн өдөр зэргээс тусгаар тогтнолын өдрийн ач холбогдол зиндаа доогуур байх учиргүй. Тиймээс нэр томъёоны бэсрэг засвар хийх шаардлага ч урган гарч байна. Иймд бид арванхоёрдугаар сарын 29-ний өдрөө “Тусгаар тогтнолын өдөр” (The Independence Day) хэмээн нэг мөр нэрлэж, улсынхаа албан ёсны тэргүүн баяр болгож хэвших, долдугаар сарын 11-ний баярыг одоо хэвшээд буйгаараа “Үндэсний их баяр наадам” (The National Day), арван нэгдүгээр сарын 26-ны өдрийг “Бүгд найрамдах улсын өдөр” (The Republic Day) гэж дотооддоо ч, гадагш харьцахдаа ч нэрлэж хэвшүүлэх саналыг дэвшүүлж байна. Улс төрийн хүчнүүд, зүтгэлтнүүд тусгаар улсынхаа түүхэн замналыг өөр өөрийн намын нэр сүр, үүх түүхээс дээгүүр тавьж, үндэснийхээ ой санамжийг хурцалж, оюун дархлааг чангатгахад зориглон хувь нэмрээ оруулаасай хэмээн хүсэмжилж байна.
Илтгэгч: Д. Мөнх - Очир