Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Бид 5 толгойгоос хувь хүртэх үү, 1 толгойгоос хүртэх үү

Тавантолгойн хувьцаагаа мөнгөөр сольж авах гэсэн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэдгээр иргэдийн хувьд бүх юм ойлгомжтой, сая төгрөгөө аваад л Тавантолгой огт падгүй болно. Тэдэнд нэг л зовлон бий. Харин хувьцаагаа авч үлдэх хүмүүст түмэн зовлон байна.

Мөнгө сонгосон хүмүүсийн зовлон
“Төр хувьцааг маань арай хямдхан аваад байгаа юм биш биз” гэсэн айдас мөнгөө авахаар өргөдлөө өгсөн хүмүүсийн дунд олон байна. Ядаж байхад гэ­дэг шиг, яг өргөдлөө өгсний дараа “Хувьцаагаа авсан нь дээр, яагаад гэвэл...” гэсэн яриа арай л илүү тод, үнэмшилтэй санагдаж золигтоод байгаа бололтой. Эрх баригчид гэж балай юмнууд анхнаасаа янз, янзын юм ярьчихсан болохоор арга ч үгүй. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэх нь эргэлзээтэй байх үед УИХ-ын гишүүн Г.Батхүү “Тавантолгойгоос нэг хүнд 300 сая төгрөгийн ашиг ноогдоно” гээд хэлчихсэн нь үүнд дэм өгөөд байх шиг байгаа юм. Мэдэхгүйдээ тэгж хэлсэн үү, эсвэл цагийн аясаар инфляци өсч, төгрөг цаас болж хувирахыг урьдчилан тооцоолсон уу, бүү мэд. Ард түмний нэг хэсэг нь “Ашиглахаа азная” гэж байсан болохоор ч тэгсэн байж магадгүй. Тавантолгойгоор дагнаж явсан хүн ингэж хэлсэн болохоор хүмүүс үнэмшиж, бушуухан Тавантолгойг ашиглаж, ноогдол ашгаараа машин, хаус авъя болоод явчихсан билээ.

Өнөө “Хойч үедээ үлдээе” энэ тэр ч юу байх вэ. Ингээд ашиглахаар болтол “300 сая төгрөг атгана” гэж байсан хүмүүс яван явсаар сая төгрөгтэй хоцрох болчихоор чинь эргэлзэхээс аргагүй. “Бид Тавантолгойгоос ашиг хүртэх үү, нэг толгойгоос ашиг хүртэх үү” гэдэг асуудал эндээс эхтэй.

“Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс Нэгтолгой”-н хувьцаа эзэмшигчид
Өнөөдрийн байдлаар Тавантолгойн бүлэг ордод хамаарах долоон орд тав хуваагдсан байдалтай байна. Эдгээрийн алинаас нь иргэд хувь хүртэх боломжтой болон боломжгүй байгааг харъя.

Ухаа худаг. “Энержи ресурс” буюу MCS-ийн Ж.Оджаргалын мэдэлд байгаа. Тавантолгойн бүлэг ордын хамгийн сайн судлагдсан, нөөц нь баттай тогтоогдсон төдийгүй хамгийн чанартай гэдгээрээ “Тавантол­гойн өрөм” гэж нэрлэгдэж бай­гаа орд. Батлагдсан нөөц нь 200 гаруй сая тонн. Энэ ордод Энер­жи ресурс компани олборлолт явуулж байгаа. Засгийн газраас шилжүүлж авахдаа “Нөөц нь тогтоогдоогүй хоосон газар авлаа” гэж байсан ч яван явсаар “өрөм”-ийг нь авсан болж таарсан. Судлагдаагүй гээд байгаа орд газарт хуучнаар БНМАУ, ЗХУ-ын геологичдын хамтарсан экспедицийнхэн судалгаа хийгээд бүх нөөцийг нь тогтоосон баримт сүүлд нь гарч ирснийг хэвлэлийнхэн илчилсэн. Уг баримтыг БНМАУ-ын ГУУЯ-ны сайд З.Барсаар ахлуулсан Зөвлөлт-Монголын геологичдын ажлын хэсэг 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 08 тоот тайланд бичсэн байсан гэх. Орд газарт хийсэн судалгаанд тухайн үеийн ханшаар 3.5 сая долларын хөрөнгө зарцуулж, техник эдийн засгийн үндэслэл, тайлан тооцоо, хайгуулын ажил, нөөцийн дүгнэлт гээд бүгдийг нь жин тан болгосон байсан. Тайлангаас харахад бүх нөөц нь 411 сая 539 мянган тонн байх аж. Үүнээс коксждог нүүрс нь гэхэд 252 сая 101 мянган тонн болсон байх юм. Үлдэж буй чулуун нүүрс нь 149 сая 53 мянган тонн гэсэн тооцоо гаргасан байна.

Ухаа худгийн ордод гадаадаас хөрөнгө оруулалт татсан. Хэрвээ сонгуульд МАН ялбал энэ ордод хөрөнгө оруулсан Керри групп Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ хийх нь тодорхой. Ингэхээр бид Ухаа худгаас лав хувь хүртэж чадахгүй нь. Ардчилсан нам Ухаа худгийн 51 хувийг төр эзэмших ёстой гэж яриад бай­гаа. Хэрвээ энэ биеллээ олбол бид жинхэнэ ашиг хүртэж эхлэх боломж бий. Учир нь, Ухаа худаг бол эргэлтэд орчихсон орд.

Дайцукигийн талбай. “Буян”- гийн Б.Жаргалсайхан Үйлдвэр худалдааны сайд байхдаа “Дайцуки” ХХК-д Тавантолгойн 101 га талбайг Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга, нэг намын нөхөр болох Т.Занаширын шийдвэрээр 2006 оны есдүгээр сарын 1-нд олгож байжээ. 891 дугаартай уг шийдвэрийг хожим Үндэсний аудитын газар хянаж үзээд хууль зөрчсөн гэдгийг тогтоосон. Гэсэн ч одоо болтол олборлолт явуулсаар байна.

Эрдэнэс МГЛ. Баруун Цанхи нэртэй 11943А тусгай зөвшөөрөл бүхий 2037 га, Зүүн Цанхи нэртэй 11956А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га, Шар тээг нэртэй 11955А тусгай зөв­шөөрөл бүхий 24532 га, Бор толгой нэртэй 11953А тусгай зөвшөөрөл бүхий 12871 га, Бор тээг-1 нэртэй 11954А тусгай зөв­шөөрөл бүхий 23479 га талбай газрын ашиглалтын зөвшөөрөл төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХК-ийн мэдэлд байдаг. Эдгээрээс Шар тээг, Бор толгой, Бор тээг-1-ийг хэрхэн ашиглах талаар яригдаагүй байгаа. Тэгэхээр Баруун, Зүүн Цанхи л үлдэж байна. Гэтэл энд бас асуудал бий.

Зүүн Цанхи. Ард түмэнд хувь олдох хамгийн магадлалтай орд нь энэ. Гэтэл энд бас орон нутгийн гэгддэг “Тавантолгой транс” бас олборлолт явуулж байгаа. Энэ компани Зүүн Цанхид 169 га талбай эзэмшдэг. Үүний 51 хувь нь орон нутгийн мэдэлд мөн 36 хувь нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг. Уг нь Тавантолгойн нүүрсний энэ “жижигхэн” уурхайг 1966 оноос хойш ил аргаар ашиглаж Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нүүрсний хэрэгцээг хангаж ирсэн юм билээ. Анх Баруун Цанхид тендер зарлахад “Эхлээд Тавантолгой транс”-ын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй” гэсэн яриа гарч байсан. Учир нь, орон нутгийн “Тавантолгой транс” нь яг төслийн талбай дотор олборлолт явуулж байсан юм. Гэвч зогсоож дийлээгүй. Ямар ч байсан 2036 он хүртэл нүүрс зөөх эрхтэй хэвээр байна.

Баруун Цанхи. Тавантолгойг бүхэлд нь ашиглахад шаардагдах хөрөнгийг энэ ордоос босгоно. Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг өнгөрсөн жил Хятадын Шинхуад 40 хувь, Оросын төмөр зам-Монголын хамтарсан косорциумд 36 хувь, АНУ-ын Пибодид 24 хувь эзэмшүүлэх шийдвэр гаргасан ч хожим цуцалсан. Тавантолгойд байгаа ордуудыг бүгдийг нь тус тусдаа орд гэж үзвэл Ба­руун Цанхийн 51 хувийг төр эзэмших учиртай. Гэвч ийм юм болох магадлал бага гэдэг нь эхний тендерээс харагдсан. Тэр ч байтугай Монголыг төлөөлж 18 хувийг эзэмшихээр болсон субъектийн нэр ч тодорхой биш байсан. Ямар ч байсан “Эрдэнэс МГЛ” биш байсан.

Тавантолгойн долоон орд нэг иймэрхүү байдалтай байна. Тэгэхээр бид яг одоогоор “Эр­дэнэс Тавантолгой” биш, “Эр­дэнэс Нэгтолгойн” хувьцаа эзэмшигчид болж таарлаа. Хувьцаагаа хадгалж үлдсэн хүмүүс яваандаа Шар Тээг, Бор толгой, Бор тээг ордууд ашиглалтад орвол ашиг хүртэх байх. Гэхдээ үгүй байх магадлал бий.

Мөнгө сонгосон хүмүүсийн зовлон
“Ажнайн” Бат-Эрдэнэ анх “Тавантолгой транс”-ыг байгуулахдаа 10 сая ам.долларын зээл аваад л шууд ухаж эхэлсэн гэсэн яриа бий. Өөрөөр хэлбэл, Тавантолгойг ашиглахад ямар ч асуудал байхгүй. Их мөнгө төгрөг ч орохгүй. Геополитик гэж ярих ч шаардлагагүй. Энэ бол Хятадад ахиухан хувь оноох гэсэн л санаа.

Хувьцаа сонгосон хүмүүсийг дээр “түмэн зовлонт” гэж дэмий нэг хэлсэнгүй. Үнэндээ тэдэнд ч мөнгө сонгосон хүмүүсийн адил ганцхан зовлон бий. Тэр нь хүлээх. Гэхдээ түмэн зовлон эдлэх хүлээлт. Авах эрхтэй, өөрийнхөө өмчийг зарж чадахгүй ядуу амьдарч, сайхан амьдрал, эд баялаг гар сунгахад хүрэхээр зайд байгааг харсаар хэрнээ авч чадахгүй хүлээн суух нь түмэн зовлон эдэлснээс ялгаа юу билээ. Хамгийн эмгэнэлтэй нь, цөөн хэдэн бүлэглэлийн гарт орсон, авч чадахгүй байгаа аз жаргал уг ёсондоо өөрийнх юм шүү дээ.

Х.Сайхан


Эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1203520 


Нийтлэгдсэн: 2012-5-29 - 09:01
ss
ss (зочин) хэзээ бичсэн: 04:06, 2012-12-21 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 1-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл
idiomatic-dormant
idiomatic-dormant