Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Biotechnology: Биотехнологи гэж юу вэ ?
 Сүүлийн үед олонтаа сонсогдох болсон энэ үгийн талаар өөрийн дуулснаа та бүхэнтэй хуваалцаж байна.

Биотехнологи нь олон технологийн цуглуулга юм. Үгийн гарлын хувьд Bio - гэдэг нь амьд бие махбодийг ашиглах, technology – нь болохоор ямар нэгэн хэрэгцээт зүйлийг хийх, үйлдвэрлэх гэсэн санааг илэрхийлсэн бөгөөд нийлээд Biotechnology (биотехнологи) болохоороо амьд биемахбод, эд, эс болон тэдгээрээс гаралтай молекулуудыг (жишээ нь ДНХ, уураг) ашиглан тодорхой бүтээгдэхүүн гарган авах арга технологи гэсэн утгатай болоод явчихаж байна.

Тэгэхлээр биотехнологийг биологийн шинжлэх ухаанаас үндэслэгдсэн үйлдвэрлэлийн процесс гэж ойлгож болно. Хэрэглээний математик гэж байдаг шиг хэрэглээний биологи + технологийн хослол гэвэл илүү ойлгомжтой байж магад.

Амьд биемахбодийг ашиглан үйлдвэрлэл явуулдаг гэсэн өргөн утгаар нь авч үзвэл биотехнологи саяхан нээгдсэн шинэ зүйл биш юм. Хүмүүс аль 10,000 гаруй жилийн өмнөөс л амьтан үржүүлж, ногоо тарьж, хоол хүнс, хувцас хэрэглэлээ үйлдвэрлэж байсан нь тэд биотехнологийг амьдралдаа нэвтрүүлж, хэрэглэж байсан гэсэн үг. Улмаар сурсан технологио баяжуулан хөгжүүлж 6,000 орчим жилийн өмнөөс сүүнээс тараг, бяслаг гаргаж авах, тариа будаа, сүүг исгэж гашуун нясуун ундаа хийж эхэлжээ. Анхны талхчин гурилыг исгэж хөөлгөж байгаад жигнэвэл хөвсгөр зөөлөн болно гэдгийг нээж байсныг бодоход хүмүүс эртнээсээ биотехнологичид байсан байхнээ. Биотехнологи нь ч, биотехнологчид нь ч шинэ биш байтал яагаад өнөөдөр энэ үг хүмүүсийн анхаарал татаад байгаа юм болоо?

Үүний учир нь сүүлийн 40 жилд бид амьтан үржүүлэх, айраг исгэх гэх мэт биотехнологийн макро түвшингээс илүү нарийн, сонирхолтой микро түвшинд шилжсэнд байгаа болов уу. 1960, 1970- аад оны үед хүн төрөлхтөний шинжлэх ухааны мэдлэг зузаарч, эд, эс, тэдгээрийг бүтээгч бодис зэрэг бичил хэсгүүдийг биотехнологит ашиглах түвшинд хүрсэн байна.

Тиймээс өнөөдрийн биотехнологи гэсэн ойлголтын цаана эс, түүнийг бүрдүүлэгч молекулуудийг ашиглан үйлдвэрлэл явуулах, эм бэлдмэл, бүтээгдэхүүн гарган авах, өвчин эмгэгийг эмчлэх, амьтан ургамлын ашиг шимийг нэмэгдүүлэх, шинж чанарыг өөрчлөх гэсэн өргөн утга санаа агуулагдах болсон байна. Ингэснээр биотехнологи гэсэн үгийн утга санаа баяжихын сацуу, биотехнологиуд гэсэн олон тоог илэрхийлэх болжээ. Учир иймд биотехнологи нь эс, мөн түүнийг бүтээгч биомолекулууд болох уураг, ДНХ-г тодорхой зорилгод ашиглахад зориулагдсан олон технологийн цуглуулга болой.

Үүнээс хойш эс гэж юу болохыг ойлгохгүйгээр биотехнологийн талаарх бидний ойлголт цааш гүнзгийрэх боломжгүйг та гадарласан бизээ. Эс бол бүх амьд биеийг бүтээгч нэгж. Байшингаар бол тоосго нь юм. Cонирхолтой нь ганцхан тоосгоор байшин барьж болдоггүй бол ганц эс дангаараа амьд бие бүтээх нь бий. Жишээ нь бидний мэдэх талхны хөрөнгө, нян зэрэг нь өөрөө өөрийгөө хооллож, хамгаалж, үржиж чаддаг тул нэг эсээс тогтсон бие даасан амьд биет юм. Харин хонь ямаа, таана хөмүүл зэрэг нүдэнд харагдаж, гарт мэдрэгддэг том биетэй амьтан ургамал, амьд биетүүд нь тус тусын үүрэг, чадвараар төрөлжсөн олон тооний эсүүд бүрдэж байдаг. Хэдий тийм боловч, бүх эсэд байдаг нийтлэг шинжүүд нь биотехнологи үүсэж хөгжих үндэс болжээ.

Заан, хулгана, сарнай, шарилж, ерөөсөө бүх амьтан ургамал, амьд биетүүдийн эсүүд төстэй бүтэцтэй, адилхан материалаар хийгдсэн, амьдран орших үндсэн арга зам нь ижил байдаг. Жишээ нь, амьд биеийн эс бүхэнд ДНХ байдаг, ДНХ–ийн молекул нь мэдээлийг агуулж, түүгээрээ дамжуулан эсийн бүтэц үйл ажиллагааг удирдаж байдаг. Харин уургууд нь ДНХ-ийн өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг. Бүх эсүүдийн генетикийн хэл нэг бөгөөд эсүүд нэг нь нөгөөгийнхөө ДНХ дээрх мэдээллийг уншиж, түүний дагуу ажиллах чадвартай. Энэ нь нэг амьд биетийн эсийн ДНХ дээрх уургийн мэдээллийг нөгөө амьтны эс уншиж ойлгоод тэрхүү уургийг үйлдвэрлэж чадна гэсэн үг.Хэрэв бид эсийг удирдаж, үйл ажиллагааг нь өөрчилж чадах юм бол түүгээр дамжуулан биобүтээгдхүүн гарган авах, амьд биетүүдийг өөрчлөн хувиргах, өвчин эмгэгийг эдгээж илааршуулах гээд олон боломжыг бидэнд нээж байгаа юм.

Инсулин эмчилгээ үүний нэг тод жишээ юм. Зарим хүмүүст нойр булчирхайгаас ялгардаг инсулин даавар дутагдсанаас чихрийн шижин (диабет) өвчин үүсдэг бөгөөд эмчлэх арга нь уг дааврыг тарих. 1970-аад оны сүүлч хүртэл инсулиныг үхэр, гахайг нядалж нойр булчирхайнаас нь ялган авч хэрэглэдэг байлаа. 1978 онд Genentech компани нэг эст бичил биетэн нянг ашиглан инсулиныг гарган авч эхэлжээ. Хүний инсулины мэдээлэл агуулсан ДНХ-ийн хэсгийг (ген) нянгийн ДНХ-д залгаж угсарсанаар уг нян инсулин үйлдвэрлэгч амьд биет болон хувирчээ. Нян маш богино хугацаанд үржиж, их хэмжээний хүний инсулиныг нийлэгжүүлдэг бөгөөд инсулиныг нянгаас ялган авах нь амьтны нойр булчирхайгаас ялгахаас илүү хялбар юм. Энэхүү биотехнологийн ололтийн ачаар хямд үнэтэй, элдэв гаж нөлөөгүй инсулин үйлдвэрлэгдэх болж чихрийн шижингийн эмчилгээнд шинэ хуудас нээсэн түүхтэй.


Мэдээллийн эх сурвалж: http://gdarambazar.blogspot.com/2008/07/cloning.html

Нийтлэгдсэн: 2011-07-08 - 21:19
би хүнсний биотехнологичоор сурдаг. таалагдлаа. баярлалаа гоё шүү nerd


биотехнологийн талаар илүү их мэдээлэл оруулбал их баярлах болно гэдгээ хэлмээр байна. ямар нэгэн эрдэм шинжилгээний хурал болбол хэлж өгч байгаач тэгэх үү? angel
Бямбаа (зочин) хэзээ бичсэн: 00:47, 2011-10-30 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 31-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax